Мэдээ

Хөдөлмөрийн хүндэт медаль

“ХАНАН ФИТНЕС” КЛУБЫН БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧ НАРТ ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол улсад Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл өнөөдөр Сүхбаатар аймгийн “Ханан фитнес” клубыг үүсгэн байгуулагч, бодибилдинг, фитнесийн багш О.Энхбаяр, С.Ууганзаяа нарт Хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа. 

Шагнал гардсан эрхмүүд 10 жилийн тэртээ нэг дор 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай бодибилдинг, фитнесийн клуб байгуулж, хүн ардынхаа эрүүл аж төрөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлсэн ба өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 10 мянга гаруй иргэн тус клубээр үйлчлүүлжээ. Өдгөө бөхийн болон сагсан бөмбөг, дугуй, пауэрлифтинг, бокс, аэробик, гимнастикийн тамирчид тус төвд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. 

Монгол Улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн 15 фитнес клуб байдгийн нэг нь “Ханан фитнес” бөгөөд орон нутагт магадлан итгэмжлэгдсэн цор ганц клуб юм. Тус клубт анхлан бие бялдраа галбиржуулах зорилготой ирсэн хүүхэд залуусын зарим нь мэргэжлийн хэмжээнд нэр алдраа цуурайтуулж байна. Отгон шавь нарын амжилтаас дурдвал, саяхан манай улсад болсон бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс шавь М.Аюузэд нь хоёр төрөлд мөнгөн медаль хүртжээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.